Аймгийн Засаг даргын 2021 оны А/35 Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах ажлын хэсэг томилох тухай захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Батбаяр, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Э.Мөнгөнцэцэг, аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгийн хяналтын Улсын байцаагч дэд хурандаа Х.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Отгон сумдад ажиллалаа.
Сумдын удирдлага, Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарыг цуглуулж өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, зөвлөгөө өгч, судалгаа, санал асуулга авч, өвөлжилт хүндэрсэн багийн айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцлаа.
Үүссэн нөхцөл байдал нь хаврын 5 сараас эхлэн Баянхонгор, Говь-Алтай зарим сумдын отор нүүдэл ирж хаваржиж, зусаж бэлчээрийг идэж талхалсан учир өвс тэжээлийн хомстол үүсч өвөлжилт хүндэрсэн. Үлийн цагаан оготно ихсэж бэлчээр талхалсан, Малчид өвөлжөө бууцаа дулаалаагүй байгаа зэрэг нь их хүйтэнд мал даарч бээрэх, өвс тэжээлийн хомстлоос үүдэн ишиг, хурга үхэх нөхцөл байдал үүссэн байна.
Цагаанхайрхан сум 1392 хүн ам, 278 малчин өрх, 99032 малтай (хонин толгойд шилжүүлснээр 150249 толгой).
Нийт бэлчээрийн талбай 253,2 мянган га, бэлчээрийн ургац 3,0цн/га тогтоогдсон нь зуншлага харьцангуй хур тунадас багатай байснаас шалтгаалж байгаа бөгөөд өвлийн улирал эхэлснээс хойш 22 удаа цас орж, бэлчээрийн өвс хомстож өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна.
Малчид 194,2тн өвс тэжээл бэлтгэсэн, 48тн өвс худалдан авсан, Баян-Өлгийн аймгийн Улсын нөөцийн салбараас хуваарилагдсан өвснөөс 20тн-ыг малчдад хүргэсэн.
Зуншлагын байдал тааруухан байсан тул өвөлжих малын тоог цөөрүүлж, зах зээлд 31474 толгой мал борлуулж, айл өрхийн хүнсний хэрэгцээнд 5882 толгой мал хэрэглэсэн санхүүгийн эх үүсвэр дутагдалтайгаас сумын нөөцөд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх ажил хангалтгүй хийгдсэн байна.
Нөөц бололцоогоо бүрэн дайчилж чадвал хадлан бэлтгэх 200га талбайтай, 13 га-д таримал хадлан тариалдаг, өргөжүүлэх боломж нөөц талбайтай байна.
Баянхонгор аймгийн 9 өрхийн 4190, Говь-Алтай аймгийн 6 өрхийн 1293, Шилүүстэй сумын 17 өрхийн 4800, нийт 32 өрхийн 10283 толгой мал отроор ирж, харин өөрийн сумын 2 өрхийн 1250 мал Алдархаан суманд өвөлжиж байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудаас авсан асуулгын дүнгээр өвөлжилт хүндэрсэн шалтгааныг зуншлага оройтсон, бэлчээрийн гарц муу байсан, малын тоо толгой олширсон, бэлчээрийн даац хэтэрсэн, зарим газруудад талхагдал үүсч байгаа, отроор ирсэн болон дайран өнгөрсөн малын тоо олон байсан, олон удаа цас орж зарим хэсгүүдэд шуурсан, 12, 1 дүгээр саруудад олон хоног хүйтэрсэн, цар тахлаас үүдэлтэй багийн ИНХ хийгдэхгүй малчид мэдээллээс хоцорч байгаа зэрэг шалтгаануудыг дурдсан байна
Санал: Улсын нөөцөөс өвс 30тн, тэжээл 40тн-ыг 50 хувийн хямдралтай үнээр олгуулж өгөх санал гаргасан.
Цагаанчулуут сум 1295 хүн ам, 188 малчин өрх, 104363 малтай (хонин толгойд шилжүүлснээр 154,9 мянган толгой).
Зун хур тунадас бага байснаас бэлчээрийн ургац 0,9цн/га-аар тогтоогдсон, цас олон удаа орсон нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
Сумын нөөцөд 35тн өвс, малчид 295тн өвс бэлтгэсэн, отроор 1 өрх 488 малтай явсан, зах зээлд 11,0 мянган мал борлуулж, хүнсэнд 2690 мал хэрэглэсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг боломжийн хангасан, одоо гаднаас өвс тэжээл худалдан авч байгаа. Сумын аюулгүйн нөөцөд байсан 35тн тэжээл, 10тн тэжээлийг, мөн Баян-Өлгийн аймгийн улсын нөөцийн салбараас хуваарилагдсан 20тн, аймгийн нөөцөөс хуваарилагдсан 500 боодол өвсийг Шилүүстэй сумаас татаж малчдад хуваарилсан. Шилүүстэй сумаас 40 уут тэжээл авсан, малын хорогдол 1101 толгойд хүрсэн байна.
Өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь зуны улиралд хур тунадас багассан, бэлчээрийн даац 3 дахин хэтэрсэн, бэлчээрийн 2/3-т оготно тархсан, малын тоо олширч бэлчээрийг буруу ашигласнаас тодорхой хэсгүүдэд талхлагдал үүсч байгаа, бэлчээрийн гарц муу байгаа үед олон удаа цас орж, шуурч хатуурсан, гадны аймгуудаас отор нүүдэл орж ирсэн зэрэг нь нөлөөлсөн гэж сумын удирдлага, мэргэжилтнүүд дүгнэж байна.
Санал: Нийт 93 өрхийн 51511 мал нэмэгдэл тэжээлд орсон тул улсын нөөцөөс 35тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох санал гаргасан.
Шилүүстэй сум нь 1822 хүн ам, 315 малчин өрх, 122147 толгой малтай.
Малчдын бэлтгэсэн өвс 1655 тн, отроор 76 өрх, 23059 мал явсан, зах зээлд 51500 толгой мал борлуулж, өвлийн хүнсэнд 6179 мал хэрэглэсэн.
Зун хур тунадас багатай, гандуу, бэлчээрийн гарц муу байснаас гадна өвлийн улиралд 12 удаа цас орж, Говь-алтай аймгийн Гуулин, Тайшир, Дэлгэр, Чандмань, Баянхонгор аймгийн Бууцагаан, Баацагаан, Хүрээ марал сумдын 80 өрхийн 100 мянган мал хавар, зуны улиралд оторлож бэлчээрийн нөөцийг хомстоход нөлөөлсөн байна.
Өвөлжилт хүндэрч байгаа шалтгаан нь малын тоо олширсон, бэлчээр талхлагдсанаас бэлчээрийн мэрэгч ихэс ч тархсан, зуны улирлын хур тунадасны хэмжээнээс хамаарч ургац муу байснаас бэлчээрийн нөөц хүрэлцэхгүй байгаа талаар сумын малчид, мэргэжилтнүүд, удирдлагаас санал гаргасан.
Санал аймгийн нөөцөөс 50тн-оос дээш өвс хямдралтай үнээр олгох, улсын нөөцийн тэжээлийн үнийг 50-с дээш хувиар хямдруулж олгох, гадны аймаг, сумын нутагт өвөлжиж байгаа айл өрхийг зуншлага сайн болтол тухай бүс нутагт нь байлгах зохион байгуулалт хийж өгөх, малчдын эрүүл мэндэд онцгой анхаарах, олон улсын хүмүүнлэгийн байгууллага болон улаан загалмайн нийгэмлэгийн тусламж дэмжлэгийг зорилтот бүлгийн өрхөд олгоход анхаарах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг 2021 оны 04 дүгээр сараас зохион байгуулж өгөхийг санал болгов
Отгон сум нь нийт 2614 хүн ам, 435 малчин өрх, 202,7 мянган малтай.
Зуны улиралд хур тунадас багатай байсан, өвлийн улиралд 17 удаа цас орсон, 12, 1 саруудад их хүйтэрсэн нь өвөлжилтийн байдалд нөлөөлж байна.
Гадагшаа отор нүүдэл хийж 32 өрх, 42 мянган малтай явсан, зах зээлд 17033 мал борлуулсан, хүнсэнд 9274 толгой мал хэрэглэсэн, малын тоо толгой буурч байгаа.
Хадлан бэлтгэх хэмжээн өвс ургаагүй учир өвс бэлтгэх нөхцөл бүрдээгүй сумын нөөцөд 6,2тн өвс, малчид 8,0тн өвс бэлтгэсэн, Баян-Өлгийн аймгаас татсан Улсын нөөцийн өвснөөс 1200 боодол өвс хуваарилагдсаныг малчдад 5 боодлоор хуваарилсан, ба хэрэгцээтэй өвс, тэжээлийг зах зээл дээрээс өндөр үнээр худалдан авч байна.
Өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь хур тунадас бага орсноос бэлчээрийн ургац буурч, хүрэлцээгүй болсон, малын тоо толгой олширсон, бэлчээр талхалсан, мэрэгч амьтан оготно тархсан, мал аж ахуйн эрхлэн хөтлөхөд мэргэжлийн удирдлага шаардлагатай байгаа гэж үзэж байна.
Санал сумын малын 20-25 хувь нь нэмэгдэл тэжээл орсон тул сумынхаа нөөц боломжид тулгуурлан хивгийн үнийг 15000 төгрөг болгон бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд харин өвсний үнийг 10,0 мянган төгрөг болгон бууруулахад дэмжлэг шаардлагатай байна.
Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
Дулааны улиралд өвөлжөө, хаваржаагаа гадны отор нүүдлээс хамгаалах арга хэмжээг малчдын оролцоотой хэлэлцэж шийдвэрлэх, шийдвэрээ сурталчилж, хэрэгжүүлж ажиллах, талхагдал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,
Сумын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын байцаагч, хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдийн ажлын чиг үүрэгт тусгагдсан ажлуудыг биелэлтийг хангуулах, малчдад өгөх мэдээлэл, арга зүйн удирдлагыг сайжруулах,
Бэлчээрт тархсан оготнотой тэмцэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж, үр дүнд хүргэх, энэ чиглэлээр холбогдох бусад газруудтай хамтран ажиллах,
Бэлчээрийн даацыг тооцож, малын хөлийн ачаалал үүсгэхгүй байх, бэлчээрийг зөв зохистой ашиглах аргуудыг малчдын дунд нэвтрүүлэх,
Малын тэжээлийн нөөцийг худалдан авч бүрдүүлэхээс гадна өөрсдийн нөөц боломжийг ашиглан хадлан авах, тариалах зэрэг арга хэмжээ авах,
Үүлэнд зориудаар нөлөөлөх, хур тунадас нэмэгдүүлэх арга хэмжээнд орон нутгийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах
Сумдад шаардлагатай байгаа өвс, тэжээлийн талаар холбогдох газруудад санал уламжилж шийдвэрлүүлэх /Цагаанхайрхан 30 тн өвс, 40 тн тэжээл, Цагаанчулуут 35 тн тэжээл, Шилүүстэй 50 тн өвс, Отгон 1210 боодол өвсний үнийг 10000 болгон бууруулж зөрүү үнийг шийдвэрлэж өгөх саналуудыг уламжилж байна./
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР