Мал аж ахуйн үйлдвэрлэлийн “Асуудал-Шийдэл” зөвлөгөөн, “Таван-Эрдэнэ” фестивалийн нээлт 2020.09.18 өдөр “Морин туурайн хясаа”-нд болж аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа, НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава, Европын холбооноос монгол улсад суугаа төлөөлөгчийн газрын хамтын ажиллагаа хариуцсан Захирал Пьер Ив-Люка, болон ХХААХҮЯ-ны төлөөлөл, 300 гаруй малчин оролцлоо.
Энэ арга хэмжээний хүрээнд Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх нь НҮБ-ын байгууллагуудын хамтарсан хөтөлбөрийн танилцуулга хийгдэж, 5 сумын /Тэс, Идэр, Их-Уул, Отгон, Дөрвөлжин/ 20 малчин 3 хоногийн сургалтад хамрагдсан.
24 сумын бренд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан. Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 153 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдаж, Тэлмэн сум 9 нэр төрлийн мах махан бүтээгдэхүүнээр 1 дүгээр байранд шалгарч, Яруу сум хонины нэхий хөнжил, хүүхдийн нэхий өлгий, нэхий бээлий, сур, суран эдлэлээр 2 дугаар байр, Идэр сум сүү, цагаан идээгээр 3 байранд шалгарсан. Үзэсгэлэн худалдаанд оролцогчид нийт 15,9 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Мөн “Дархан нэхий ХК, “Говь” ХК, “Монгол текстиль” ХХК, “Могол ноос” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн 34 нэр төрлийн бүтээгдэхүүн нийт 39,9 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн загварын үзүүлбэрийг Политехник коллежийн багш оюутнуудын оролцоотой зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчид 9 дүгээр сарын 19-нд “Таван эрдэнэ” фестивалийн талбайд, 9 дүгээр сарын 20-нд биеийн тамир спортын заланд худалдаа сурталчилгаа зохион байгуулж, түүхий эдийн чанар стандартын талаар мэдээлэл хийж хамтран ажиллаа.
НҮБ-ийн ХХААБ-ийн төсөл хэрэгжиж байгаа Их-Уул, Отгон, Тэс сумын өрх толгойлсон 15 иргэнд эцэг мал гардуулан өгөв.
Бүс нутгийн шилмэл үүлдэр, омгийн малын танилцуулга хийгдэж, малын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан. Малын үзэсгэлэнд 18 сум болон Малын удмын сангийн үндэсний төвийн Завхан, Увс аймгийн салбаруудын шилмэл үүлдэрийн малыг танилцуулж, 135 толгой малаас шалгаруулалт, худалдаа, солилцох, гэрээ хэлцэл байгуулах арга хэмжээнүүд явагдсан. Фестивалийн үеэр Цөм сүргийн үндэсний төвийн Завхан салбар 27 хуц, 3 ухна, Дөрвөлжин сум 24 ухна, Яруу сум хуц 3, ухна 28, ЦСҮТ-ийн Увсын салбар 12 хуц нийлбэр дүнгээр 16,6 сая төгрөгийн хээлтүүлэгч мал борлуулсан байна.
“Малчин түмний аялгуу” малчдын дууны уралдаан 2020 оны 9 дүгээр сарын 18-нд Хөгжимт жүжгийн театрт зохион байгуулагдаж 23 ардын авьяастан оролцлоо. Удирдамжид заасны дагуу малчид сэдэв харгалзахгүй чөлөөт сонголтоор дуугаа сонгож оролцсон бөгөөд Тэргүүн байранд 19,6 оноогоор Сонгино сумын малчин Лхагвасүрэн, Дэд байранд 19,2 оноогоор Баянхайрхан сумын малчин Уламбаяр, Гутгаар байранд 18,9 оноогоор Шилүүстэй сумын малчин Буянбат, 18,5 оноогоор Түдэвтэй сумын малчин Чойжамц, Яруу сумын малчин Мөнх-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.
ХХААХҮЯ, ХААИС, МААЭШХ, НҮБ-ын ХХААБ-ын ажлын хэсэг Аймгийн ХХААГ, сумдын ХААТ-ийн 45 мэргэжилтнийг оролцуулан ХХААХҮЯ-аас тусгай хөтөлбөрөөр семинар хийж олон төрлийн өргөн хүрээтэй арга хэмжээнүүд амжилттайзохион байгуулагдлаа.