Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 277 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 09 дугаар албан даалгаврын дагуу Аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгаврыг сум холбогдох байгууллагуудад албан бичгээр хүргүүлэн ажиллаж байна.
2022-2023 онд Завхан аймагт 9.7 мянган малчин,4.0 мянган мал бүхий өрхөд нийт 4.5 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 6.9 сая толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй байна.
Мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 967.6 мянган толгой малыг зах зээл болон хүнсэнд хэрэглэх урьдчилсан тооцоотой байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1920 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд одоогийн байдлаар малчдын түвшинд 958 тн өвс, 83 тн ногоон тэжээл 11 тн гар тэжээл 87 тн давс, хужир, шүү бэлтгэжээ.
Түдэвтэй, Завхан мандал, Шилүүстэй Улиастай Тосонцэнгэл сумын улсын нөөцийн салбарт 266 тн өвс татан авч аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлсэн.
Цаг Уур орчны шинжилгээний газраас сум, багийн малын тоо, хадлан, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн хийсэн судалгааны үр дүн, дүгнэлтээр аймгийн бэлчээр нутгийн 49 хувьд нь бэлчээрийн даац 1-5 дахин, 18 хувьд нь олон дахин хэтэрч бэлчээрийн 70 орчим хувьд өвс, ургамлын гарц муу байна.
Гадна аймагт отор нүүдэл хийх хүсэлтэй байгаа сумдаас ирүүлсэн хүсэлтийг нэгтгэн өрх, мал отроор өвөлжүүлэх саналыг Аймгийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1/901 тоот албан бичгээр Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймагт хүргүүлсэн. Улсын тусгай хэрэгцээний Багахайрхан аймаг дундын отрын бүс нутагт 2022-2023 онд отроор өвөлжих хүсэлтэй Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Дөрвөлжин зэрэг 7 сумын 218 өрх, 176114 толгой малын судалгааг урьдчилан авч 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүргүүлээд байна.
Энэ онд газар тариалангийн салбарт 90 аж ахуйн нэгж, 573 иргэн үйл ажиллагаа явуулж нийт 6.6 мянган га-д тариалалт хийсэн. 2022 оны ургацын урьдчилсан балансаар нийт тариалалт хийсэн талбайгаас 1284.9 га талбай ургац алдсан, 100 га талбай тэжээлд шилжсэн байна. Урьдчилсан балансаас үзэхэд үр тариа 1960 га-с 1300 тн улаанбуудай, ногоон тэжээл 2960.1 га-с 3421 тн ногоон тэжээл, төмс 197.5 га-с 1625 тн, хүнсний ногоо 171.7 га-с 1295.1 тн тус тус хураан авах урьдчилсан баланс гараад байна. Аймгийн хэмжээнд ургац хураалтын үед ажиллах хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн засварын ажил бүрэн хийгдэж ургац хураалтад ажиллаж байна.