Малчдын залгамж халааг бэлтгэх, мал маллагааны арга барилд сургах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой тус зөвлөгөөнд 24 сумын 200 гаруй малчин оролцож байна. Тус үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын хамтарсан "Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж цочролд хариуи үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь" төсөл хөтөлбөр, МИГ даатгал, "Ард санхүүгийн нэгдэл" зэрэг ТББ-ын санхүүжилт, оролцоотойгоор аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мал эмнэлгийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрууд хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нарын албаны хүмүүс оролцсон. Зөвлөгөөн хоёр өдөр зохион байгуулагдсан. Эхний өдөр мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого шийдвэр, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, мал амьтны эрүүл мэндийн талаар төрөөс баримталж байгаа бодлого, малчдын хөдөлмөр эрхлэлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг малчдад өгч, санал солилцсон. Дараах өдөр нь НҮБ-ын хамтарсан дөрвөн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт үр дүнгийн талаар НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийсэн.