Аймгийн Засаг даргын 2021 оны ажлын тайланг иргэдэд танилцуулах, өвөлжилт, малын шүлхий өвчний тархалтын асуудлаар сумдын удирдлага, иргэдийн саналыг сонсох, нөхцөл байдлыг үзэж, асуудлыг хамтарч шийдвэрлэх, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, тэдгээрийн талаарх орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг сонсох хэлэлцэх ажлаар Эрдэнэхайрхан, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал сумдад аймгаас ажлын хэсэг томилогдон ажиллав.
1.Эрдэнэхайрхан сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж аймгийн Засаг даргын 2021 оны ажлын тайланг танилцуулж, иргэдийн гаргасан асуултад хариулж, мэдээлэл өгөв. Цас бага орсон, малын ундны ус дутагдалтай байсан боловч, сүүлчийн өдрүүдэд хур тунадас орсон тул энэ асуудал харьцангуй хөндөгдөх нь гайгүй харин малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа, мөн Хар нуурын загасыг хамгаалах, малын чанар, ашиг шимийг сайжруулах талаар хариуцсан байгууллага, мэргэжилтнүүд анхаарч ажиллахыг иргэдийн зүгээс санал гаргаж байв.
2. Дөрвөлжин суманд уул уурхайтай холбоотой нэлээд асуудал хөндөгдөж байгаа бөгөөд нөхөн сэргээлт, орон нутаг дахь хөрөнгө оруулалт, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, агаарын бохирдол, халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах, усан хангамжийг сайжруулах, вакцины хүрэлцээг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэлд хяналт тавих, үнэ ханшийн уналтаас сэргийлэх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад орон нутгийн, малчдын оролцоог нэмэгдүүлж шийдвэрлэх, мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагад ойр зуурын шинжилгээ хийдэг тоног төхөөрөмж нийлүүлэх, зэрэг асуудлууд хөндөгдөж, асуулт хариулт хэлэлцүүлэг явагдсан.
3.Говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагаатай холбогдох байгууллагын мэргэжилтнүүд, аймаг, сумдын удирдлагууд оролцон танилцаж, цаашдын үйл ажиллагааны чиглэл зорилтын талаар санал солилцсон бөгөөд Ургамал суманд малын шүлхий өвчин гарсан голомт, цэгүүдэд аймгаас хуваарилагдсан цөөн тооны вакциныг хэрхэн зарцуулах талаар Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн зөвлөгөө өгч, зураглал үйлдэн ажиллав. Аймгийн ажлын хэсэг Ургамал суманд ажиллах үеэр сумын Засаг даргын Тамгын газрын шинэ барилгын нээлтийн арга хэмжээ явагдсан болно. Шүлхий өвчний тархалтыг хязгаарлах, малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг зохистой тогтоох, зарим төрлийн татварын орлого орон нутагт төвлөрөх хуулийн шинэ заалтуудын дагуу орон нутаг асуудлаа газар дээр нь цаашид шийдвэрлэхэд анхаарч ажиллах, зарим жижиг уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагавар, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагааг хяналт тавьж, залруулахад анхаарч ажиллах талаар хэлэлцэж, иргэдийн сонирхсон бусад асуултад хариулт өгч ажиллав.
4. Завханмандал суманд отрын бус нутагт өвөлжих малчид шүлхий өвчний улмаас нүүдэл хийхэд учирч байгаа хүндрэл, Цэцэн-Уул сумаас ирсэн малчид өөрийн сумдын удирдлагуудыг отор хийж яваа малчдаа эргэх, хүн, мал эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах талаар цаашид анхаарч ажиллуулахад үүрэг, чиглэл өгөхийг санал болгосон. Шүлхий өвчний талаар аймаг, улсаас гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж зохион байгуулж ажиллахыг анхааруулж, сумдын удирдлагуудад үйл ажиллагааны зардал, шатахууны үнийг шийдвэрлэн өгч, цаашид өвчний тархалтыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов.